Өглөө сэрсний дараа ядарч сульдах, ямар нэгэн үнэр авч чадахгүй байх, хэдэн өдөр, долоо хоногоор өглөөнөөс орой болтол огиудас хүрэх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Жирэмсний хордлого нь олон талын таагүй нөлөө үзүүлдэг. Жишээ нь та ажил хийхгүй, найз охидтойгоо уулзахгүй эсвэл үр хүүхдэдээ анхаарал тавьж чадахгүй болсон зэргээс үүдэн таны урьдын амьдрал ахуй өөрчлөгдөнө. Хоол хийх, хүүхэд асрах, гэрийн ажил хийх зэрэгт та гэр бүлийнхнээсээ тусламж хүсээрэй. Ажил хийх чадал тэнхээ муу байвал эмчээрээ акт бичүүлж аваарай.
​Жирэмсний 5 дахь долоо хоногийн дунд үеэс ихэвчлэн хордлого эхэлдэг гэж үздэг ч үүнийг тогтсон дүрэм гэж ойлгож болохгүй. Эмэгтэй хүн бүрийн хувьд энэ нь харилцан адилгүй байдаг. Жирэмсний 6 дахь долоо хоногоос жирэмсний хордлогын шинж тэмдэг хүчтэй илэрч, 10 дахь долоо хоногийн дараа аажмаар буурдаг түгээмэл зүй тогтол ажиглагддаг байна. Жирэмсний 7-9 долоо хоногт өглөө бүр дотор муухайрах шинж илрэх бөгөөд өглөө гэнэт дотор муухайрсан бол ихэнх эмэгтэйчүүдийн хувьд энэ нь аажмаар буурдаг байна.
Жирэмсний хордлого ямар шалтгаанаас үүдэлтэйг одоогоор олж тогтоогоогүй байгаа ажээ. Жирэмсний хордлогыг эрдэмтэд Дарвины хувьсалын онолтой холбон биеэ хамгаалах (жирэмсний үед муудсан хүнс хэрэглэхээс сэргийлэх) арга, эсвэл дааврын түвшин дээшлэхэн таагүй мэдрэмж үүсч байгаа гэх зэргээр тайлбарладаг.
hCG буюу хорионический гонадотропин дааврын түвшин өглөө дотор муухайрах шалтгаан болдог бөгөөд жирэмсний эхний долоо хоногуудад уг дааврын хэмжээ огцом нэмэгдэн, 8-10 дахь долоо хоногт дээд цэгтээ хүрч, улмаар аажмаар буурдаг байна. Энэ үед дотор муухайрах шинж хамгийн хүчтэй илэрдэг ажээ.
​Бие таагүй оргих нь сайхан биш ч, нөгөө талдаа энэ нь жирэмслэлт эрүүл хэвийн явцтай байгааг илтгэх сайны шинж тэмдэг юм. Жирэмсний хордлогонд орж байгаагүй эмэгтэйчүүдтэй харьцуулбал хордлоготой эмэгтэйчүүдийн гуравны нэг нь дутуу төрөх эрсдэл багатай байдаг гэсэн судлагаа ч байна.
​Өдөр болгон хэд дахин бөөлжиж, юу ч ууж идэхгүй, эсвэл ууж идсэнээ шингээж чадахгүй, жин хасаж байвал та эмчид хандах хэрэгтэй бөгөөд үүнээс болж та шингэний дутагдалд орох, тэрчлэн таны биед шим тэжээл дутагдах аюултай. Урьдаас арга хэмжээ авч чадвал өвчин хүндрэхээс болон хурц хэлбэрийн жирэмсний хордлогоос зайлсхийж чадна. National Institute for Health Research Health Technology Assessment programme буюу Их Британи улсын эрүүл мэндийн судалгааны үндэсний хүрээлэнгээс гаргасан судалгаагаар хурц хэлбэрийн жирэмсний хордлогонд жирэмсэн эмэгтэйчүүдийн 0,3-1 хувь нь ордог бөгөөд үүнийг эмчлэх боломжтой аж.

Өөрөө өөртөө тусалах 12 зөвлөгөө

Хоол хараад эсвэл хоолны үнэрээр таны гэдэс мушгирч зангираад ирвэл тэр хоолноос шууд татгалзах нь зөв. Дотор муухайрахыг багасгах эсвэл бүр болиулахын тулд та дараах зөвлөгөөг дагана уу. Үүнд:

1. Хоолоо ойр ойрхон гэхдээ бага багаар идэх

Ходоод хоосон байхаар улам их дотор муухай оргидог, тиймд та бага багаар ойрхон идвэл таны цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байна. Та аль болох шинэ жимс ногоо, биед эрүүл хүнс хэрэглэж бай. Мөн бохь зажлах нэмэртэй байдаг.

2. Тостой, халуун ногоотой хоолноос татгалзан, уураг ихтэй хүнс хэргэлэх

Самар, тараг зэрэг уураг ихтэй, Б витамин агуулсан хүнсийг хэрэглээрэй. Харин тослог ихтэй, халуун ногоотой, хүчиллэг, хуурсан шарсан хоол идэхээр улам их дотор муухайрдаг. Рапсын, наранцэцгийн, оливын зэрэг ханаагүй өөх тос хэрэглэх хэрэгтэй.

3. Өглөөний цайгаа орондоо уух

Өглөө орноосоо босоод та шууд л угаалгын өрөөнд орж бөөлжих хэрэг гарна. Харин орноосоо шууд босохын оронд жаахан хэвтэж байгаад чихэрлэг эсвэл давстай жигнэмэг идчихээд алгуур босох хэрэгтэй.

4. Хоолны дундуур шингэн юм уух

Шингэний дутагдалд орохгүйн тулд бага багаар ойрхон уух нь зөв. Шингэн юм ууж чадахгүй байвал хөлдөөсөн мөс хүлхэж болно. Зарим эмэгтэйчүүдэд хийжүүлсэн усыг ердийн цэвэр уснаас илүү таардаг. Ялангуяа фенхель, гоньд, нимбэгний мод, балжингарам, далиуны үр зэрэг жимсний болон ургамлын цай, мөн цэвэр жимсний болон ногооны шахсан шүүсийг усаар шингэрүүлэн уухад цангаа тайлагдана.

5. Амарч тайвширах

Стресс, алжаал ядаргаанаас болж дотор муухайрч болно. Боломж гарсан үедээ амарч, алжаалаа тайлахыг хичээгээрэй. Сайн унтаж амрах нь хамгийн сайн аргуудын нэг юм. 

6. Нимбэг үнэрлэх эсвэл тансаг сайхан үнэрийн эмчилгээ хийлгэх
Нимбэгний төрлийн жимсний үнэрээр дотор муухай оргихыг намдааж эсвэл багасгаж болно. Уух усандаа эсвэл цайндаа нэг зүсэм нимбэг хийгээд бага багаар балгаж ууна. Эмчилгээний бусад аргууд болох тансаг үнэрийн эмчилгээ (нимбэгний төрлийн жимсний тосон ханд) эсвэл гомеопат их тустай байдаг. Жирэмсэн эхчүүдийг эмчлэхэд туршлагатай, мэргэшсэн эмчээс зөвлөгөө аваарай.
7. Цагаан гааны цай ууж ходоодыг тайвшруулах
Бага хэмжээгээр цагаан гаа хэрэглэх нь дотор муухайрахад тустай байдаг. Тиймээс та цагаан гааны үндсийг хэрчин цай хийж уух, эсвэл цагаан гааны шахмал эм буюу капсуль уух хэрэгтэй. Цагаан гааг тодорхой хэмжээгээр, гэхдээ болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Учир нь эмэгтэй хүн бүрт цагаан гаа тохирдоггүй юм. Харин цагаан гаа нь өвдөлт өгөхөд нөлөөлдөг тул жирэмсний 16 дахь долоо хоногоос хэрэглэхээ болих нь зүйтэй.
8. Мультивитамин уух
Жирэмсэн эхчүүдэд зориулсан мультивитаминий бэлдмэлийг дотор муухайрахад хэрэглэвэл аюулгүй юм. Эмчтэйгээ ярилцаж тохирсны дараа жирэмсний үед илүү их чухал тухайлбал, фолийн хүчил, төмөр, Д витамин, B Витамин, иод зэрэг агуулсан витаминуудыг хэрэглээрэй.

9. Эмчилгээний өөр аргуудыг турших
Дотор муухайрахад хэрэг болох ардын эмчилгээний аргууд байдаг. Тухайлбал, цэгэн иллэг, бариа засал, ароматерапи буюу тансаг үнэрийн эмчилгээ, адил өвчнийг адилаар нь илааршуулах зарчим болох янз бүрийн аргууд байна. Гол нь та мэргэшсэн бариа засалч эмчид хандан эмчлүүлэх хэрэгтэй.
10. Өөрийг тань ойлгодог хүнтэй ярилцах
Заримдаа таныг өөрийг тань ойлгодог, сонсдог, дэмждэг, таны нөхцөл байдлыг ойлгож чадах хүнтэй байх нь тус болдог. Нийгмийн харилцаа нь хүнийг ганцаардахаас, сэтгэл гутралд орохоос сэргийлж чаддаг маш чухал зүйл юм. Цахим орчинд гэрээсээ санал бодлоо солилцох боломжтой жирэмсэн эхчүүдэд зориулсан ярилцлагын булан, фэйсбүүкийн бүлэг байдаг.

11. Хөдөлгөөн хийх
Хөдөлгөөн хийснээр цусны эргэлтийг сайжруулж, бие махбодийг эрүүл чийрэг байлгадаг. Салхинд явган алхах нь их таатай мэдрэмжийг төрүүлдэг. Эрсдэлтэй спортоор хичээллэхийн оронд усанд сэлэх, жирэмсний иог зэрэг аядуу зөөлөн спортын төрлийг сонгож болно. Хөдөлгөөн хийх хооронд байнга завсарлага авч, шингэн юм ууж, биеэ сайн чагнаж байх хэрэгтэй.
12. Цэвэр агаарт гарч, гэрэл гэгээг мэдрэх
Үнэр авахаар жирэмсний хордлого илэрдэг тул жирэмсэн эхчүүд цэвэр агаарт их гарч байх, мөн байнга гадагшаа гарах хэрэгтэй. Хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж, биеийн дархлааг сайжруулахын зэрэгцээ агаарт байснаар илүү их нарны гэрлийг хүртэн Д витаминийг авдаг. Д витаминий дутагдлаас болж тухайлбал, яс сийрэгжих, зүрх муудах, сэтгэл гутрах, үр хүүхэддээ сөргөөр нөлөөлөх зэрэг олон эмгэг илэрдэг.

Эмч, найз нөхөд, зөвлөгч нарын өгсөн зөвлөгөөнүүд тус нэмэр болохгүй бол зоригтой байж, тэвчээр заан хэвлий дэх бяцхан үрдээ анхааран, бүх зовиур зүдэргээг мартуулж чадах үрийнхээ дууг удахгүй сонсоно хэмээн баярлан суухаас өөр арга үгүй. 

Та эрүүл мэнддээ сайн анхаараарай!
Хүрмэн эмийн сан
Таны Эрүүл Энхийн Баянбүрд